Манайх жижигхэн хоёр давхар байшингийн дээд давхрын хоёр өрөө байранд даруухан аж төрнө. Алтай хотод тэр үед илүү сайхан байшин сав байсан эсэхийг ч бүү мэд. Бяцхан охины ой дурсамжинд баруун тийш харсан цонхоор тусах оройн нарны шаргал туяа, тэртээ уулсын цаагуур өнхөрч буй мэт агуу тэр эрхэсээс нааш үргэлжлэх хоосон цэлгэр тал. Чимээгүй гэрт хаяа нэг дуугаа хадаах ногоон ялаа, бас оройны есд радиогоор явдаг үлгэрийн цаг. Амралтын өдөр ээжийн хайрч нөөцөлдөг торхтой боорцог. Ажлын өдөр үүр цүүрээр намайг үүрэн цэцэрлэг рүү алхах ээжийн минь хөлийн чимээ. Хонгилынхоо мухарт ганц гэрэл нь асаалттай харанхуй цэцэрлэгээс гарч ирэн намайг тосох манаач. Хөл муутай дүүгээ уйгагүй үүрэх ах минь. Хоёр эгчийн дэггүй хөгжөөнтэй инээд. Аавын хааяа нэг амрах үедээ бидэнд хэрхэн хоол хийх, гадаад хэлээр тоолохыг заах, номын ноорсон хавтас сэргээх зэргийг бүүр түүрхэн санах балчирхан зургаан нас минь...
Энэ хорвоод ирээд дахин зургаан жил өнгөрсний дараа байгаль дэлхийг Хараагийнхаа уулс, тэр дундаа Ширхэнцэг хайрхан, өглөөний мандах нарны гайхамшигт төрхөөр төсөөлж цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалан амьдарлыг ирээдүй цаг дээр хийсвэрлэн бодох болов.
Тэр л цагаас эхлэн нартай бороонд норж байхдаа солонгон дунд байгаагаа анзааралгүй солонгыг хүсэх болоо биз. Гэтэл мөрөөдлөөс тэс өөр энэ эрээн хорвоо солонгыг атгах аргагүй гэдэгт итгүүлэх гэж оролдоно. Боломжгүйд итгэхийг хүсэлгүй зоргоороо амьдарсаар, бүдэрч, унаж, босож, сэхэж явсаар энэ л зам дээр, магад хамгийн зөв зам дээрээ эргэлзээ үгүй зогсоно.
Нартай бороо өөрөө солонго байсан болохоор гэзгийг минь гайхамшгаар илбэн намайг аргадаж, нарны илч зүрх сэтгэлд минь хүртэл шингэтэл дулаацуулсан болохоор л нугарч халиралгүй надтай үлдсэн дүрсгүй хүүхэд нас минь ээ...
No comments:
Post a Comment