Ээж нь та хоёрт хайраа өвлүүлэх гэж заяасан хэр нь хайрлахад өөрөө ч суралцаж дуусахгүй л байна. Дуусах ч үгүй бололтой. Тэгэхдээ төөрөлдөөнөөс ядахдаа хөтлөөд гаргачихаж дөнгөх л байх.
Миний охидын өвгөн аав /бүдүүн өвөө/ ээжийг нь хараад, бас бүх нагац нарыг нь хараад л нулимс нь цийлдэг хайр бялхсан хүн байсансан. Тэгэхдээ их задгай үг яриатай. Найз нөхөдтэйгөө ач зээ нар нь л дэргэд нь байхгүй бол юу ч гэж ярьж, маазарч мэдэхээр "танхай" нэгэн байсан юм. Эмгэн ээж нь /бүдүүн эмээ/ ч нэг их ялгаа үгүй. Тэгсэн ч өдөр ирэх тусам хайрлан хүндэлдэг хүмүүсийнх нь тоо нэмэгдсээр, нэмэгдсээр л, бүдүүн эмээгийнх нь хийх хоолны хэмжээ ихсээд байдаг байлаа даа.
Ээж нь юу гэх гээд байна гэхээр, миний үрс хүнийг ямар харагдах хийгээд ямар гээчийн уран цэцэн үг урсгаж буйгаар нь дүгнэж огтоос болохгүй шүү. Нооройж навсайсан зуслангийн байшинд насыг барсан өвгөн аав, эмгэн ээж хоёр чинь ХАЙРЫН ДАРУУХАН УУРХАЙНУУД байсан юм шүү.
Ээжийнх нь нутагт ээжийнхээ аав, ээжийг өвгөн аав, эмгэн ээж гэж хэлдэг юм. Одоо цагт нутгийн аялага гэдэг үнэт өв арчигдах дөхөж байна. Та хоёрын нэг нь ээжийнхээ алдааг залруулан хэл судлалын эрдэмтэн болж юуны магад хэмээн энд энэ тухай нуршин байж өгүүлж байгаа минь энэ. Ээжийг нь Ардын уран зохиолч Тангадын Галсан гэдэг мэргэн ахай хэл шинжлэлийн хүн болгох гэж их хичээсэн боловч зөрж байгаад сэтгүүлч болсон юм. Болсон ч гэж дээ, ээж нь сайн сэтгүүлч болохын төлөө насаараа зүтгэх юмдаг.
Сэдвээс жаахан хальсанд уучлаарай. Ямартай ч хүн гэдэг эргэн тойрныхоо эгэлгүй хүмүүсээс нандин чанарыг өвлөөд, цааш түгээгээд амьдардаг жамтай. Түүнээс биш харанхуй хүмүүсээс гэрэл хүлээж, сүүдрээс дулаан горьдоод ер нэмэргүй юмдаг. Тэглээ гээд үргэлжид материаллаг амьдралыг шүтсээр ирсэн зүдэгхэн, бүдэгхэн хүмүүсийг үзэн яд гэсэн үг огт биш. Тэднийг хайрла, чадахгүй бол бүү үзэн яд. Тэртэй тэргүй азгүйдчихсэн хувь тавиланг битгий дорд үзээрэй. Зүгээр л өөрийн гэгээ гэрлээ харж бусдад түгээж яв.
Ээжийнх нь та хоёртоо сургаж захиж чадахгүй ганцхан сэдэв бол янаг амрагийн хайрын тухай юм даа. Эр хүнээр хайрлан халамжлуулах гэж юу байдгийг бараг үзсэнгүй. Бараг гэдэг нь ээж нь дунд сургуульд байхдаа нэг ширээнд суудаг байсан хүүгээс жинхэнэ эр хүний хариу нэхээгүй халамжийг авч үзсэн удаатай.
Миний охидын аав бол охиддоо хайртай сайн аав. Гэхдээ ээжийнх нь оюун санааны эрх чөлөөг хүлээн зөвшөөрөөгүй болохоор бидний харилцаа бүтэлгүй байсан төдий юм.
Эргээд дунд сургуулийн дурсамж руугаа ороё. Ээж нь их эмзэг турьхан жаахан охин байлаа. Биеийн тамирын хичээл дээр охидын хамгийн дор зогсоно. Харин ширээний найз минь хөвгүүдийн хамгийн өндөр. Ингээд бодохоор ангийн хамгийн намхан, өндөр хоёр нэг ширээнд хөгийн инээдтэй харагддаг байсан байгаа биз. Тэр хөвгүүн дүрлийсэн алаг нүдтэй, том гэгч алгатай. Ширээнийхээ ард сууж байхдаа гуталнуудаа зэрэгцүүлээд харахаар аав охин хоёрын гутал шиг л харагдахыг яана.
Тийм том биетэй атал их зөөлөн сэтгэлтэй. Өглөө бүр орж ирээд нэг их гэрэл цацруулаад инээхэд адууных шиг ярайсан шүдний нь сайхан харагдахыг яана. Тэгээд л шууд цүнхээ нээгээд надад заавал нэг амттай зүйл гаргаж өгнө. Би гэдэг хүн ганцаараа идчихдэг байсан санагдаад одоо хэр нь их ичдэг юм. Миний сайхан үрс хүмүүсийг харуулж байгаад ганцаарханаа идэж ууж ёстой болдоггүй юм шүү. Ядахдаа идэх үү гэж асууж байгаарай даа, Бурхан минь.
За тэгээд "том" найз минь намайг их өмөөрнө. Гүйхээр хөл минь аймшигтай өвддөгийг бодвол тэр маань л ангид ганцаараа мэддэг байсан биз. Тоглоом тохуу хийгээд хөвгүүд том дугарсан ч өмөөрнө. "Хөөе, дэмий шүү" гэж ирээд л...
Нэг удаа хөөцөлдөж тоглож байгаад би нэг хүүд яг гүйцэгдэхийн даваан дээр өнөөх чинь гүйж ирээд намайг хөөж байсан хүүг араас нь тас тэвэрч аваад "Дээгий, гүйгээрэй" гэж билээ.
Энэ бүхнийг нуршиж байгаа учир гэвэл, тэр хүү надаас нэг удаа ч атугай хөтлөлцөөд алхахыг ч хүсч байгаагүй. Зүгээр л намайг халамжлах нь өөрийнх нь үүрэг гэж боддог, тэр үеийн байдаг л нэг хөвгүүн байв. Зүүнхараагаас Улаанбаатар луу шилжсэн хойно энэ хүүг өөд болсныг дуулаад ээж нь мөн их гашуудаж, өртэй хоцорсон мэдрэмжтэй үлдсэн дээ. Хэнээс, юу ч авсан байлаа гэсэн, сэтгэлийн зориулал авлаа ч эргүүлэн ачийг нь даруй хариулж байхгүй бол ийм аймшигтай мэдрэмж зүрх зүсэн хоцордог юм шүү.
Үнэндээ яг хайр дурлал гэж, хүмүүсийн мөрөөдөж хардаг шиг бие биедээ зэрэг дурлах тохиолдол байдаг үгүйг ээж нь биеэр үзээгүй л байна. Маш их ганцаардалд заримдаа хүний аз жаргалыг олж харах нүд харалган болох нь бий. Миний охид дурласан, шохоорхсон хөвгүүнээ өөртөө дурлаагүйд битгий гутарч цөхрөөсэй гэж ээж нь ийм эртнээс хүсч явна даа. Хамгийн азтай нь бид гурав найзууд байх учраас хэн хэнд маань ганцаардлын далайд живих гачлан тохиохгүй нь лавтай.
Миний хүүхдүүд ээж нь нэгэн цагт бодол сэтгэлээ хуваалцаж ярилцсан энэ яриаг сонсож үзээрэй

No comments:
Post a Comment