Friday, February 28, 2020

Бурханы оронд байгаа аавдаа

Ааваа, би таныг маш их санаж байна гэж эхлээд хэлэхгүй бол боломж алдах гээд байгаа юм шиг санагдаад байнаа. Үргэлж л үгүйлж байна даа.
Одоо охин нь таны дурсамж ном руу ханцуй шамлан орж байгаа болохоор зүрхлэн бичиж буй минь энэ. Таныхаа царай төрх, яриаг сонсож дийлэхээргүй байснаас болоод ийм олон жилийг үдчихлээ. Одоо таны үлдээсэн бичлэгүүдийг үзэж би чаднаа. Амьдралд ч олон өөрчлөлт гарлаа. Улс оронд ч яг л таны хэлж байсан өөрчлөлтүүд гарч байна, ааваа. Та арав гаруй жилийн өмнө л энэ идэж уудаг удирдагчид мөдхөн гэдсэндээ хөлөө жийлцэнэ гэж хэлж байсан даа. Яг л тэр чинь одоо өрнөж байна.

Та бас намайг хүний хүүхдээс хүзүү илүү явах болно гэж үргэлж л итгэл дүүрэн хэлдэгсэн. Харин би түүнийг чинь нэр хүндтэй, баян чинээлэг явах юм байна гэж олзуурхан боддог байлаа. Гэтэл та намайг эд хөрөнгөөр, нэр хүндээр хүний үнэрээ арилжихгүй гэдгийг мэдээд л тийм итгэлтэй байж, тийм үү? Манайх гэдэг айл Монголын толгой баячуудын элит хороололд нүүж очсон ч тэр амьдрал охины тань үнэ цэнэд хүрч дөнгөсөнгүй ээ. Өөр эзэгтэйд сууриа тавиад таныхаа бичгийн ширээг л бараадлаа. Гэсэн ч хоёр зээ тань хүний дайтай хүн болж үргэлжид ээжээ түшинэ гэдэгт та минь итгээрэй.

Харин намайг зовж явна гэж та минь эндүүрэв дээ. Сая живаа жилд ч олдомгүй Бурханы авшгийг хүртэн улам их хүсэл мөрөөдөлтэй болж хязгааргүй баяр баясал, талархалд умбаж амьдарч явна би. Таныхаа номуудыг ухаж төнхөх зорилгоор тархиа хөгжүүлэх гэж амьд сэрүүн багш хайн дээдийн номын авшиг хүртсэн нь амиар ч дэнслэмгүй аз завшаан боллоо. Та минь байсансан бол энэ үед л үнэнхүү баярлах байсан биз ээ. Та ном бичээгүй байсан бол би юу гэж ийм их зол завшааны үзүүрт өртөө аж. Тандаа талархаад баршгүй. Авшиг хүртсэнээс хойш ахынхаа хойноос ч гашуудсан сэтгэл нимгэрсэн болохоор та ахад минь бас надад битгий зов гэж дамжуулаарай.
Одоохондоо үрсээ анхаарах хэрэгтэй байгаа болохоор би хүсч мөрөөдсөн сайхан мэргэжлээрээ ажиллах боломжгүй байгаа ч оёдол үйл эхлээд ээжийнхээ урыг үргэлжлүүлэхийг хичээж явна.

Ээж та хоёр хамтдаа зүүдлэгддэг болохоор хамт байгаа гэдгийг тань би мэднээ. Таныг бэтгэртэл санасан ээжид л анхаараад харин бидэнд одоо огтхон ч битгий зовоорой. Хоёр эгч, хүргэн ах нар, бэр эгч бид бүгдээрээ өөр хоорондоо маш их нөмөр нөөлөг, өмөг түшиг болж амьдарч байна. Ач зээ дүү нар минь ямар мундаг хүмүүс болсныг хараад та угийн уйлхай юм чинь лавтай баярын нулимс унагах байсан даа.

Энэ зүдэг хорвоод нэг л зүйл хүсдэг нь ээж та хоёртоо дахин ганц үнэрлүүлэх. Бусдаар охин нь өчүүхэн ч дутахгүй эрүүл саруул, цовоо сэргэлэн амьдарч яваа шүү, ааваа.

No comments:

Post a Comment

Бурханы оронд байгаа аавдаа

Ааваа, би таныг маш их санаж байна гэж эхлээд хэлэхгүй бол боломж алдах гээд байгаа юм шиг санагдаад байнаа. Үргэлж л үгүйлж байна даа. Одо...