Бидэнд мэдэгдэж байгаа эх сурвалжаас харахад одоогоос дөрвөн түм орчим жилийн өмнө Замбуутив (Энэтхэг орон) –д бурханлиг шинжтэй нэгэн төрлийн ухаант хүн үүсэн бий болжээ. Эдгээр хүмүүсийн унаган нутгийг тоймлох юмбол Энэтхэгийн умарт бие буюу Шамбалын орны байршилтай давхацдаг бөгөөд эд нар бол өвөг Монголчууд юм. Сүмбэр уулын номлол болоод, түүнээс хойно бичигдсэн Шамбалын тухай сударт энэ хүмүүсийг “тэнгэрээс гаралтай” хэмээсэн байдаг нь аргагүй л Шамбалын орноо мэндэлсэн тэнгэрийн үр хүүхдүүд мөн гэхээс аргагүй... Зөвхөн Замбуутивийн хүний гарал үүслийг тоймлох төдий болчихоод “Хүний үүслийг олоотохлоо хэмээн орилж болох юм уу” гэх уншигчид гарч болох юм. Мөхөс миний ойлгосноор ари хүн, нигериод хүн, австрал төрхтөн өөр өөр янзаар үүссэн гэж бодохгүй байна. Тэд нэг л ерөнхий зарчмаас гажаагүй бизээ. Тэгээд ч сөнөсөн Атлантида тивийн хүмүүс анх Замбуутивийн хүний үүсэлтэй адилхан байсан тухай бүдэг бадаг мэдээ буй. Тийм учраас мөхөс би Замбуутивийн хүний үүслийг олчихоод “Хүний үүслийг олчихлоо” хэмээн хашгирах эрхийг өөрөө өөртөө олгосон юм. Үүгээрээ алдаагүй ээ би…
Дөрвөн түмэн жилийн өмнө Замбуутив (Энэтхэг), түүний ойр орчинд ямаршуухан байр байдалтай байсныг төсөөлөх гээд үзье. Уг нь “Суусан сэцнээс явсан тэнэг” гэдэг ч мөхөс надад Энэтхэг орон байтугай эх орноороо тойрох чадал яаж байх вэ дээ. Гэрээсээ цухуйлгүй бичсэн зүйл маань бөөн алдаа байж болох л юм. Гэхдээ ерөнхий чиг хандлага алдаагүй гэдэгт итгэлтэй байна… Замбуутивд орчин үеийн ухаант хүн (хомо сапиенс) буюу өвөг Монголчуудыг бий болохоос өмнө Энэтхэгийн өмнө талаар нутгийн унаган иргэд болох Африк төрхтнүүд оршин сууж байлаа. Мөхөс би тэр хүмүүсийг бүүр аль Хондван тивийг тарж бутран, салж хөвөхөд л Энэтхэгийн хойгийн хамт “нүүж” ирсэн хэмээн ойлгодог ба зарим омгийнхон нь хожмоо далайн арлуудаас нүүн ирж нутагшсан хэмээн мунхагладаг юм. Тэр хүмүүс Замбуутивийн умар талын уулруу ер нутагладаггүй байсан ба нэлээн хожуу хүртэл байдал тийм байсан тухай эх сурвалжид дурдсан байдаг. Дөрвөн түм орчим жилийн өмнө Замбуутивд дээр үгүүлснээс өөр “хомо сапиенс” байхгүй байсан хэмээн зоригтой хэлж болно. Харин “үлэмж биетнүүд” – ийн тухайд өөр. “Сүмбэр уул” – ын сурталд (Сүмбэр уулын суртал нь Буддагаас өмнөх Шамбалын орны эрдэм номлогчдын айлдвар уламжлагдсаар эртний сударт тусгалаа олсон нь тэр бөгөөд яваандаа Буддизмын бүрэлдэхүүн хэсэг хэмээн ойлгогдох болсон мэт ) дурдсанаар Сүмбэр уулын орчин тойрон үлэмж биетэй хүмүүс хүрээлэн байжухуй. Ж – нь: Үлэмж биет тив хэмээх нь өнөөгийн Малаккын хойг буюу Бангладешээс Малайз хүртэлх нутаг бололтой. Үлэмж биет гэхээрээ мэдээж товир биетэй хүмүүс аж төрнөө л гэсэн үг. Энэ тивийн хүмүүс Замбуутивийн хүнийхээр 8 тохой буюу 4 м орчим өндөртэй гэсэн үг. Харин “үхэр эдлэгч” тив нь Ирак, Иран, Афганистан, Пакистаны өрнө хэсгийг хамарсан нэлээн томоохон газар нутгийг заасан юм шиг. Энэ нутгийн хүмүүс Замбуутивийн хүнийхээр 16 тохой буюу ойролцоогоор 8 м асан нь бүүрч их товир биетэй гэсэн үг. Өрнө талд үхэр эдэлдэг томоохон тив байсан байдаг, шинээр үүсэн бий болсон Замбуутивийн хүн (Өвөг Монгол улмаар Энэтхэг даяар) үхрийг шүтээнээ болгосон байдаг, энэ бүхэн цаана цаанаасаа ямар нэгэн далд сэжмээр холбоотой мэт санагдавч учир жанцангий нь тайлах сэжим олж чадаагүйнхээ төлөө хүлцэл өчихөөс яахав. Одоо Муу дуут тивийн тухай үгүүлье. Энэ тив Сүмбэр уулын умартад буюу өнөөгийн Нань – шаний өндөрлөг хавийн нутаг байж болно. Олон баримтын харьцуулалтаас үзэхэд тэр үед Такла – Маканы говь, Алшаны говь бүхэлдээ томоохон тэнгэс байсан нь баараггүй тул ийнхүү багцаалж байгаа юм. Муу дуутын хүн Замбуутивийн хүнийхээр 32 тохой буюу 16 м орчим өндөртэй байсан нь ёстой л лут “аварга” байгаа биз. Өнөөгийн хүмүүсийн санаанд багтамгүй ийм лут үлэмж биетэй хүмүүс зөвхөн сударт бичигдэн үлдэхээр үл барам археологийн бодит олдворууд ар араасаа цувран гарч ирсээр байна. Ж – нь: Зүүн өмнөд Азийн орнуудаас олдсон аварга хүнтэй холбоотой янз бүрийн дурсгалууд элбэг байхаас гадна, хэрэвзээ үнэн бол интернетэд , Энэтхэгээс 12 м өндөр хүний булш олдсон тухай байдаг, бас Монголын говиос 15 м өндөр хүн олдсон гэх мэдээ буй. Аварга хүний олдворыг ШУ, гигантопитекус (аварга сармагчин) хэмээдэг. Яаж ч бодлоо гэсэн аваргууд, хомо сапиенсаас илүү ухаантай байсан ба жирийн хүнийг эрдэмд ч тэр борог амьдралд ч тэр дагуулан манлайлж байсан гэмээр сэжим бий. Тэхлээр бид чинь “хүний гавал барьчихаад их л доромж маягтай харж суугаа” сармагчин (алдарт баримал) -аас ер дээрдэхгүй болж таарахнээ…
Буддын номлолд гардаг үй олон “тэнгэр” нүгүүдийг бид “домог” хэмээн үзсээр ирсэн. Гэтэл “Сүмбэр уул” – ын сурталд дурдсан номлол, тухайлбал тэнгэрүүд хувилан төрж байсан үйл явц, хүмүүс түүхээ бичиглэн үлдээдэг болсон тэр үе хүртэл, магадгүй түүнээс хойш ч үргэлжилсээр байсан нь Энэтхэгийн агуу их туульс Махабхарата, Галидаасын “Шакундала” зэрэгт тусгалаа олжээ. Хэрэв мөхөс би гадаад хэл, тэр дундаа санскрит хэл, бичиг мэддэг байсансан бол өөр олон иш баримт олох байсан, хэрэв Энэтхэг орон явах боломж тохиосон бол зөндөөн мэдээлэлтэй болж маш ихээр “хушуугаа билүүдэх” байлаа. Гэхдээ тэнгэрээс хувилан төрсөн тухай дурсамж хүмүүсийн ой санамжинд амь бөхтэй хадгалагдаж өдгөө хүртэл улбаа нь арилаагүй байгаа баталгаа, нотолгоо хангалттай бий. “Хувилан төрөх” үйл явц маш сонирхолтой үе шатыг дамжиж ирсэн байх юм. Тэнгэрүүд хувилан төрцгөөж анхны эр, эм хүмүүс бий болохоос өмнө “Сахигч” тэнгэрүүд бий болсон юм шиг. Учир нь асран хамгаалагч үгүйгээр хүүхдүүд өсөн бойжиж, эрдэм мэдлэгт суралцаж, зөв хүмүүжлийг олж, амьдралаа зөв жолоодно гэвэл сэтгэшгүй юм. Тийм ч учраас “сахигч” –дын бүхэл бүтэн овог аймаг үүсчихүй. Хамгийн эртний сурвалжит “Шакъяа” хэмээх энэ овгийн хүн бол Бурхан багшийн эх Маха Маяа хатан. Мөн хүн төрөлтний түүхнээ чамгүй үүрэг гүйцэтгэсэн Скиф, Сак, Согд, Согбу, Сог (Монгол) -чууд бүгд л Шакъяа овгийнхон билээ. Бас Сүмбэр уулын нэрээр өөрсдийгөө нэрлэсэн “Шүмэр” -чүүд ч гэсэн Шакъяа овогтой холбоогүй байна гэж үгүй л дээ. Ер нь Шакъяа гэсэн нэр нь “Сахъяа” хэмээх Монгол үг бөгөөд тийм нэртэй хүмүүс өдгөө ч өдий төдийгөөрөө байх ба “сахих” гэсэн үгийн язгуур нь хүртэл харах, манах гэсэн утгаа алдаагүй яваа юм. Сахигч хэмээх энэ онцгой овгийн гарал үүслийн талаар тоймтой материал олдсонгүй. Герегийн үлгэр домогт сахигч нар “хагас бурхад” байсан тухай үгүүлсэн нь тун үнэмшилтэй баримжаа. Миний номон дээр ч ийм л үзэл санаагаар бичигдсэн байгаа. Гэтэл олон дахин эргэцүүлэн бодох тусам байж болох өөр дүгнэлт хар аяндаа урган гарах юм. Учир юу хэмээвээс Хомо сапиенс үүсэхийн өмнө газар сайгүй Хэт ухаантай аварга хүмүүс байсан. Тэд нар өөр өөр сурталтай, тэдний “суурин” дээр үүссэн хомо сапиенсууд мөнөөх аваргуудаа “хуулсан” мэт байдаг нь их л сэжигтэй хэрэг. Ж –нь: Үхэр эдлэгч тивийн суртал Монгол, Энэтхэгт угшсан мэт байдаг бол, Муу дуут тивийн суурин дээр үүссэн хүмүүс Асурыг шүтдэг, хэрүүл, тэмцэлд дуртай, тэрсүүд үзэлтэй байдаг нь эх сурвалжаас мэдэгдэж байна. Тэгвэл тун их ялгаатай дээд тэнгэрийн төрөл зүйл, тус тусдаа хойч үеэ халамжлан бойжуулжээ гэмээр. Шамбал (Сүмбэр уул) –ын тэнгэрүүдийг “бурхад” гэхээс гадна, нөгөө талаас нь “Хэт ухаантай аварга хүмүүсийн нийгмийн оргил дээд шат” хэмээж болох юм. Тэгвэл “Сахигч тэнгэр” –ийн үүргийг газар газрын аваргууд буюу тэдний төлөөлөл гүйцэтгэсэн гэж үзэж бас болноо доо… Анхны хүний өсөж үржих хамгийн гол арга бол “хувилан төрөх” явдал юм. Энэ нь бас л сонирхолтой горимоор явагддаг аж. Энэ горимыг анх Сахигч тэнгэрүүд тогтоон мөрдүүлсэн гэдэгт итгэлтэй байна. “Хувилгаанд баясагч тэнгэр” нарын хувилан төрүүлсэн үр хүүхдийг эр эмээр нь холиод хаячихдаггүй байсан нь тун ухаалгийн шинж . Хамаатан садан улсууд хоорондоо хавьтаж ойртсоны үр дагаврыг “цус ойртлоо” хэмээдэг. Тэгвэл энэ “цус ойртох” гэдэг зөвхөн хүн дээр ч бус тэнгэр нарт адилхан байдаг бололтой. Эртний сударт “Амармагийн тэнгэр нар” бэр авалцаж өгөлцдөг тухай бичсэн нь тун ихээр анхаарал татдаг юм. Тэнгэр нараас уламжлалтай хурим хийх ёс одоо хүртэл төрийн хэмжээнд хүндлэгдэн дээдлэгдсээр ирсэн, ямар сайндаа Буриадад хурим хийнэ гэлгүй, “төр хийнэ” хэмээн ярьсаар ирсэн байхав… Сахигч нар анхны эр, эм хүүхдүүдийг тусад нь ялгаж эрийг нь Дияаны эрдэмд сургаж аглагт суулгадаг бол охидыг ялган “Хатан хаант улс” байгуулж тэднийг бясалгагч арш мэтийн бодит хүмүүстэй энгэр зөрөхийг хатуу хориглодог байв.Учир нь мөн л “цус ойртоно”. Ялгарсан охидууд бодит хүнтэй бус “Бусдын хувилгааныг эрхээр болгогч тэнгэр” нартай хавьтаж мөн л эр, эм хүүхэд төрүүлнэ. Үүний дараа дээр дурдсанчлан эрчүүдийг аглагт суулгадаг бол охидууд нь улсдаа бүл нэмнэ. Ийнхүү явсаар эрчүүдийн тоо хэт олширч аглагт суух боломжгүйд хүрэх үед төрөл садан, гарал үүслийг нь нарийн тогтоосны дараа (цус ойртохоос сэргийлсэндээ тэр шүү дээ) Охидын улсын хүүхнүүдээс бэр буулган “Өрх өсгөн, сум сунгана”. Ийнхүү төрт улсын анхны нэгж болох өрх гэр үүсэх нь тэр. Хэд хэдэн өрх айлаараа нэгдэж, зүг зүгрүү тархан нүүдэллэх болов.Үүнийг угсаатан гэнэ. Угсаатны араас угсаатан, Охидын улс ингэж хүн амыг олшруулах дундрашгүй эх булаг болж байлаа. Охидын улсын үеийг ШУ –нд “эхийн эрхэт ёс” хэмээдэг нь хүний үүслийн шатанд байх онцгой мөн чанарыг танилгүй ташаа дүгнэлт хийсэн хэрэг. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд Охидын улс харьцангуй саяхан (манай тооллын эхэн үе) болтол оршин тогтносоор байгаад үндэстэн, угсаатны хольцолдоон,дайн тулаан мэтээс болж уусан замхарч үгүй болжээ. Охидын улсуудын хамгийн сүүлчийн ул мөрөөс аванхайлж өнөөгийн угсаатан, үндэстний гарал үүсэл, түүхийн онцлогийг судалж болно хэмээн мунхаглана. Мөхөс миний эх сурвалж ажсанаар: Өнөөгийн Монгол орны зүүн өмнө талд буюу Хянганы нуруу хавьд Хамнигаан (Манж, Зөрчид, Эвенк, Якут, Орцоон, Тунгус, Эскимос гм) -чууд үүсэн бий болсон байх магадлалтай бол,Япончууд нутагтаа, Харин Гималайн нурууны зүүн хойно Хятад, Бирмийн дээд өвөг үүссэн байж магадгүй. Төвдүүдийг нутагтаа үүсэн бий болсон гэж үзэх үндэстэй. Энэтхэг орны хойт биед буюу Шамбал (Сүмбэр уул) –ын оршин ахуй сав нутагт өвөг Монголчууд үүсэн бий болжээ.Тиймд нь ч Монголчуудыг дээдийн дээд заяанд төрсөн, “Тэнгэр” гаралтай хэмээн үеийн үед ярьж, бичиж ирсэний учир нь тэр. Энэ нь маш олон иш баримтаар нотлогддог. Харин Төвдийн умартад байсан Охидын улс л хамгийн их маапаантай нь. Тэдний ойролцоо нутагт “Муу дуут” тив байсан ба энэ улсынхан “Асур” – ыг шүтдэг байсан зэрэг нь олон юм бодоход хүргэдэг. Тэд үнэхээр Асурын үр хойч байх үндэстэй. Нарийн ертөнцийн Асурууд, Сүмбэр уулын тэнгэрүүдтэй хэрхэн тэмцэж байсныг бид мэднэ.Тэгвэл тэдний үр хойч бодит ертөнцөд мэндлээд дээрдсэнгүй, бас л арсалдан тэмцэлдэх араншинтай аж. Төвдийн умар зүгийн Охидын улсаас үүдэлтэй угсаатнуудыг Буддизмын эх сурвалжид “тэрсүүд” хэмээн нэрийдсэн байдаг.Учир нь өнөөгийн “лал” - ын шашны номлол эндээс угшилтай учраас тэр. Энэ улсын угсаатнууд Энэтхэгийн өрнө, өнөөгийн Иран, Аравын зүг нилээд хэмжээгээр тархсан мэт. Харин дорно зүгрүү тархсан нь Тангууд, Хор Монголчууд мөн. Үнэхээр ч тэдний шинж байдал судар номонд бичигдсэнтэй бүрнээ тохирдог. Энэ бүхнийг базаж хэлэхэд орчин үеийн ухаант хүн (хомо сапиенс) бий болохын урьдчилсан нөхцөл нь “хэт ухаантай аварга хүмүүс” байсан. Дараа нь Хэт ухаантнуудын хараа хяналтан дор өөр өөрсдийн “харсан тэнгэрүүд” нь хувилан төрцгөөдөг. Хувилан төрсөн тэнгэрийн үр садыг Хэт ухаантнуудын төлөөлөл сахиж харж ханддаг. Хүн амын тоог олшруулж, удмын санг цэвэр байлгах гол арга нь хаа ч тэр “Охидын улс” байгуулж, түүний хуулинд захирагдах явдал. Хүн амын тоо хэт олшроод ирмэгц “Тэнгэр” –ийн ёсыг дагаж “бэр буулгах” ба “өрх гэр” үүсдэг ажгуу.
Subscribe to:
Post Comments (Atom)
Бурханы оронд байгаа аавдаа
Ааваа, би таныг маш их санаж байна гэж эхлээд хэлэхгүй бол боломж алдах гээд байгаа юм шиг санагдаад байнаа. Үргэлж л үгүйлж байна даа. Одо...
-
1. Өмнөтгөл Мөхөс миний тэрлэсэн “Хүний үүсэл” ном нийтэд түгээд жил гаруй боллоо. Энэ нь миний тухайд, бүтээлийн үнэ цэн, алдаа оноогоо бус...
-
- Хорт хавдраар шаналагчдын дэргэдээс сурвалжилсан тэмдэглэл - Өглөөний 7:30 Өвдөлтийн зовлонг арай гэж тэсвэрлэж яваа, элэг дүүрээнээс нь ...
-
Жил шахамын өмнө “Хүний үүсэл” ном хэвлүүлчихээд шуугиан тарина гэдэгтээ лавтай итгэн түгшиж сууснаа нуугаад яахав. Гэтэл олон нийт, ийм төр...
No comments:
Post a Comment