Wednesday, June 24, 2009

А.Дэлгэрмаа "Самрын дууль"

Аанай л оройтож сурсан зангаараа 11 цагийн алдад гэрлүүгээ гэлдэрч явлаа.

Их дэлгүүр өнгөрөөд явж байтал миний өмнө хачин сайхан хос хүүгээ хөтлөөд салхилж явна. Гурвуул цав цагаан богино ханцуйтай цамц өмссөн нь ижилссэн гэж жигтэйхэн. Хүүгийнх нь цовоо цойлгон дууг сонсож тэдний өмнөөс баясаж инээмсэглэн алхаж явав.

Гэтэл гэнэт тэдний өмнө хаанаас гараад ирсэн юм гэмээр халтайсан жаахан (ойролцоогоор дөрвөн ой хүрч байгаа болов уу гэмээр) хүү гарч ирээд тэдний хүүгийн гартаа барьж явсан ууттай самрыг өгөөч гэж бүлтийтэл гуйгаад зогсчихов. Өргөс дээр суусан юм шиг огцом ширүүн дуугаар үгүй гэж тэд эрс эсэргүүцлээ. Гэтэл түүлэгчин хүү сонссон ч шинжгүй нарийхан, жаахан гараа ууттай самар луу сарвайж авахаар завдтал тэд бүр ч чанга дуугаар зандарч нуруун дундуур нь дэлсээд авч байгаа харагдана. Давжаахан биетэй халтар жаал гуйвтал цохиулснаа юман чинээ саналгүй зөвхөн өнөөх ууттай самар луу ширтан шүлсээ залгиад хоцорлоо.

Хүүг жаал өрөвдсөн боловч тэнүүлчдээс цэрвэдэг зангаараа би ч нэг их сайн хүний дүр эсгэлгүй цааш хурдлан алхалж эцэг эх, хүү гурвын урд орж холдон одлоо. Гэтэл найз маань дэлгүүрээс нэг зүйл худалдаж аваарай гэснийг нь гэнэт санаад саатлаа. Дэлгүүрээс гараад иртэл өнөөх гэр бүл надтай халз мөргөлдчихөв. Хүүгийнх нь гарт байсан самар дэлгүүрийн шатнаас унаж явган замаар таран одлоо. Халтар жаалаас харамласан самраа асгасандаа тэд харамсаж байгаа шинж ч алга. Миний уучлалт гуйхыг ч сонсон эсэхийг бүү мэд, тэр чигтээ дэлгүүр лүү орцгоолоо. Харин замаар нэг хөглөрөх самрын ширхэг бүр өнөөх халтар жаалын өрөвдөлтэй харц шиг хэнд ч тоогдохгүй өшиглөгдөн өнхөрч, няц гишгэгдэн замтай тэгширнэ.

Хөөрхий өлсгөлөн жаалын ходоодонд орсон бол дээр байж дээ.

Ийм хатуу хорвоод хүн байна уу, хүүдийтэй самар байна уу ав адилхан замхардаг хойно хэн нь хэндээ харамсахав дээ...

2 comments:

  1. Гэхдээ тэр халтар хүүхдүүд чинь өөрсдөө идэдгүйм билээ. Шууд өөр томдоо аваачиж өгдөг. ёстой урамгүйн билээ. Нэх аймар хүнээс авах ёстой гээд бодчихсон. Эмнэлэгт байхдаа цонхоор тийм хүүхдүүдэд зөндөө их юм өгдөг юм. Даанч тэд нар булан тойроод өөр нэгэнд өгдөг гэж бодхоор. Нэг удаа бүүр даварцан ам хатаж байна араас нь ус өгчиж бай гэцэн авжийсан хүнд гарууд шүү. Ёстой яаая гээд ч яаж болохгүй хүмүүс чинь тэд нардаа

    ReplyDelete

Бурханы оронд байгаа аавдаа

Ааваа, би таныг маш их санаж байна гэж эхлээд хэлэхгүй бол боломж алдах гээд байгаа юм шиг санагдаад байнаа. Үргэлж л үгүйлж байна даа. Одо...