Sunday, April 26, 2009

А.Дэлгэрмаа "Үнэн төрх"

2002 онд сурах гэж оролдож байсан бясалгалын анхан шатны дасгалаа урьд шөнө унтахын өмнө хичээнгүйлэн давтлаа. Аливаа сайн муу, бүх бодлоос өөрийгөө салгаж, гагцхүү "үл бодох"-ыг хийх тэрхүү дасгалын мөн чанарыг багш шигээ сайн тайлбарлаж чадахгүйгээс хойш ердөө гарсан үр дүнг нь тоочих гэсэн юм.
Шөнө зүүдэллээ...
...Хачин их түйвээнтэй дайн дунд ганцхан би л тайван алхлах юм гэнэ. Гэтэл хүчил дүүргэсэн нэгэн худагт хар арьст нэг залуу уначихаад аврал эрэн орилж байх юм. Хэдэн хүнтэй нийлж арай гэж нөгөө эрийг татаж гаргатал дунд чөмөг нь ёрдойн хоцроод хүчилд хоёр хөл нь уусчихжээ. Гэхдээ цус огт асгарахгүйгээр үл барам өнөөх эр яахав яахав, ийм зүйл байх гээд байдаг. Эргэн тойрны хүмүүс уйлан бархирч байхад би бас л айсангүй. Өнөөх хар арьст залуу шуудхан л уушийн газар очихыг хүслээ. Нэг мэдэхэд хэдэн хүнтэй өнөөх залуу, бас би пиво уугаад сууж байх нь тэр. Над руу хараад маасайн инээх тэр хагас эрийн өрөөсөн гарын хамаг мах хүчилд уусан суларч, салбайн унжжээ. Түүгээр үл барам балгасан пиво нь цоорсон хацраар нь шүүрэн гоожино....

Энэ мэтээр үргэлжлэх сэжиг хүрмээр зүүд бол миний дотор нуугдан байсан үйлийн үрийн өнгөт тусгал байж болох тухай бодох ахуйд өглөө харин айдас хүйдэст автав.
Багш хэлэхдээ та бүхэн бясалгаж эхлэхдээ шөнөдөө зүүдлэх эвгүй зүүднээс бүү эмээгээрэй, бие чинь элдэв муу зүйлээс ангижирч байгаагийн илрэл юм шүү гэж захиж байж билээ.
Мухар сүсэгт автах дургүй ч энэ бүхний цаана нарийн учир бий гэж итгэх тул зүүдний тэр аймшигт төрхтэй хүнээс бус, өөрөөсөө үнэнхүү айна би...

Бусдад их багаар хар буруу санах, гудманд хэрүүл зодоон хийж буй хүмүүс рүү хялайх, өрөөлийг өөрийн тааваар байлгах гэсэн шунаг хүсэл гэх мэт тоочоод баршгүй үйлийн үрээр бид дотоод ертөнцдөө ой гутам муу муухай төрхийг бий болгоод явдаг юм шиг байна. Тэгсэн хэр нь хэсэгхэн хугацааны гоёл болох гадаад төрх, эд баялагтаа аймшиггүйгээр хайран амьдралаа золиослож явна бид. Нэгэнт хүний нийгмээс гажин амьдарч чадахгүйгээс хойш зүүдэнд минь айлчилсан аймшигт төрхөө арьсан доороо нуугаад гудиггүй алхаж явахаас даа.

No comments:

Post a Comment

Бурханы оронд байгаа аавдаа

Ааваа, би таныг маш их санаж байна гэж эхлээд хэлэхгүй бол боломж алдах гээд байгаа юм шиг санагдаад байнаа. Үргэлж л үгүйлж байна даа. Одо...