Monday, March 2, 2009

А.Дэлгэрмаа "Андуурал"

Монголд сэдвийн андуурал газар аваад байна. Учир юу гэвэл УИХ-ын гишүүд нь өөрсдийгөө цагаан сараар нэг бол загвар өмсөгчид, эсвэл дуучин, бүр аль эсвэл бөх гэж андуурдаг. Бусад үед кондуктор ч юм шиг. Улс оронд ухаж төнхөх олон асуудал байсаар атал зурагтын сувгууд болгонд ФМ радиогийн нэвтрүүлэг зонхилж байх жишээтэй. Бүх яам, тамгын газар нь аль болох тэс өөр мэргэжлийн хүнээр толгойлуулдаг уламжлал тогтсон. Тэгээд ядарсан хамаатан садан, найз нөхдөө эхэлж өөд нь татаад дараагаар нь улс орны асуудалтай танилцсаар байтал дараагийн сонгууль эхлэх нь энүүхэнд. Сонгуулийн үед дээр дооргүй эрүүнийхээ чилээг гартал хэрэлдчихээд, сонгуулийн дараа "галын наадам" хийгээд л нам жим. Магадгүй өнөөх галын наадам нь "Өнөрмаа өөрийгөө шатаадаг"-аас дор үзэгдлээр дүүрэн юм болсон.
Бялууны булан олдсон болгон амандаа сүүл үмхсэн хүүхэд шиг таг болдог уламжлал энэ удаад ч хэвээр. Инээдмийн жүжгийн ээлжит үзүүлбэрийг дэглэдэг их цөөн хүн бий. Харин өнөө хэдийг эсэргүүцэгчдийг эсэргүүцдэг, өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн зарладаг "Дамбийжаагийн тоодгорууд" бас цөөнгүй. Булхайн эзэд цаг цагаараа байх юм шиг тайван суух нь уул шугамандаа их л том эндүүрэл болж байна даа. Бидний (1980-аад оныхон болон үүнээс дараа үеийн залуусын) үе ирж байна. Будлианы эзэд хөөрхийс баастай сүүлээ хавчин, булхайгаа сугавчлаад хаана нуугдаж, хаашаа зугтахыг харах болно. Тун удахгүй тэд зөвхөн инээдмийн, эмгэнэлт жүжгийн сэдэв болон хоцорвол их юм бөгөөд түүхийн тавцангаас арчигдана гэж хөх инээдээ барьж ядан хэлмээр санагдаад байх юм. Залуу нас, эрх чөлөө хоёрыг хуйвалдаан, хэлмэгдүүлэлт хоёроор боомилох цаг эцэслэх боллоо. Тэд нар сэдэв андууран наадацгааж л байг. Харин толгой дээр нь цахиур хагалах хойч үе бид их шуурганы өмнөх намжим байдал шиг яг дэргэд нь бойжин байна.

Залуус та бүхэнд уриалах ганцхан үг байх тул энэ бүх бухимдлыг эрээчлээ. Учир юу гэвэл ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ойртож байгаатай холбогдуулан "шоудах"-аар Бурханхалдун уулнаас эзэн Чингисийн онгоныг хайх нэрийдлээр сэглэн талхилах санаатай байна. Чингисийн онгон олоод сүйд болох нь юу л бол. Олохгүй байсан ч тэр үеийн нэгэн язгууртны булшийг олоод ардын баатар болох нь тодорхой. Тэгээд шоудагч нь сонгуульд ялсныхаа дараа "Өө, биш байсан юм байна лээ, сөү соррий" гээд сууж байх бий вий. Гэтэл түүхийн хойморт шүтэгдсэн онгон дагшин байгаль гэдэг бидэнд мянган ширхэг Чингисийн онгоны дайтай үнэ цэнэтэй. Тиймээс энэ утгагүй эрлийг зогсоохын төлөө нэгдмээр байна. Үүнтэй холбоотой мэдээлэл байвал надтай хуваалцахыг гуйж байна.

1 comment:

  1. Гоё блог байна шүү. Гоё ч бичлэг байна. Цаашид орж гарч явий даа хө энүүгээр чинь

    ReplyDelete

Бурханы оронд байгаа аавдаа

Ааваа, би таныг маш их санаж байна гэж эхлээд хэлэхгүй бол боломж алдах гээд байгаа юм шиг санагдаад байнаа. Үргэлж л үгүйлж байна даа. Одо...