Sunday, February 1, 2009

А.Дэлгэрмаа "Бурхан, Чөтгөр хоёрын хөөрөлдөөн"

Заль гүйлгэнэсэн цэлхэрэг нүдтэй, хөхөлбий чөтгөр Бурханы өмнө хойно орж эмээнгүй, элдвийг шалгаан цүл цал шогшин, таадга таадга алхана.
Чөтгөр – Таны нэг шавь сайхан байшин мөрөөдсөн, биелэсэн. Машин, бас л авчихсан. Аан бас дарга болоотохсон, болох болохдоо томоос том, өндрөөс өндөр сэнтийд залараатахсаан. Гэтэл яасан гээ. Саяхан сансарт нисэх ч болтой мөрөөсөн зогсоно лээ. Танай тэр нөхөр ч миний шуналын боол нэгэнт болсондог оо. Хи хи хи…
Бурхан – Миний тэр шавь холын Марсыг мөрөөсөн зогсохдоо ч өлмий дор нь цэцгийн дэлбээ хагдрах вий, хэмээн болгоомжилж явдаг юм. Тэр их эд хөрөнгө, эрх мэдэл нь хэзээ нэгэн цагт зүрхний нь угт булгилж явдаг их хайрынх нь төлөө зарцуулагдах болно гэдэгт би итгэдэг.
Чөтгөр – Та хайр, хайр л гэх юм. Шавь нарын чинь эдийн болон эрх мэдлийн шунал үргэлж хэрүүл тэмцэл дагуулсаар ирсэн хэдэн мянганы түүхийн дэргэд тэр хайр чинь юу юм бэ? За яахав, тэр хайр чинь агуу байг л дээ. Тэглээ гээд хэн нэгэн “Бүгдээрээ ганц энэ бурханд итгэн шүтээд эвтэй байя” гээд уриалбал, ганц манай хэл л уянгалаг болохоор үүгээр л яриад эвтэй байя гэвэл, эсвэл ганц манай соёл иргэншлээр л амьдарвал догь, эсвэл бүр манай авгай л сайхан гэх мэтээр өөр өөрсдийн хайран дээрээ эвлэн нэгдээд энх тунх байх нь яасийм, аан?
Бурхан - Чөтгөр чи сонс! Хайр бүхэн нэг л эхтэй байдаг юм. Эх дэлхийгээ гэсэн агуу хайр төгөлдөр нэгдэлд хүргэх чадалтай. Чиний дээр дурдсан хайр бүхэн зүрх болгонд булгилж байж улс орон хөгжин төгөлдөржих хөшүүрэг болдог юм.
Чөтгөр – Би таныг “та” хэмээн гуайлж байхад та намайг чи хэмээн дорд үзэх нь бурхны ёс уу?
Бурхан – Энэхэн орчлонд нүгэлээс ангид хүмүүн заяаг бий болгон ажин түжин суусан тэр цагт минь чиний мөр энэ дэлхийд гараагүй байсан юм. Ахмадаа хүндлэх нь хэн бүхний ёс. Тэгээд ч энд чи надтай тэрсэлж, тэнд Аллах Христээрээ талцаж, Америк Афган, Курд Турк, Израйл Пластинаараа муудалцан, өөрсдийн үйлийн үрийн дээгүүр эсрэг хүрдэн эргүүлж суух хооронд нүгэлээр бууралтсан “ижий” дэлхий бөгшүүлж байна. Надад зав алга.
Чөтгөр – Тогтож айлд. Та тэр гайхамшигт гээд байсан Монгол орноо нэг хараачээ. Эсгий үүдтэй, хулгайчгүй, нүүдэлчин орон чинь эд байвал авъя гэх, эзэнгүй бол минийх гэх, нүүнэ гэвэл сууна гэх хүнээр дүүрэн болжээ. Одоо тэд таны шавь уу, миний албат уу?
Бурхан – Дээд гаралт ард түмэн үргэлж миний ивээл дор байдаг юм. Монгол орон минь хоёр өөр иргэншлийн, хоёр өөр тогтолцооны хурц ирмэгт уулзвараар үрэгдсээр өнгө гундавч эргэж сэргэхдээ хаврын яргуй шиг ярган цойлж чаддаг юм. Жам ёсоор сурах зүйлээ сураг гэснээс биш чиний саварт зүгээр орхисон юм биш шүү!
Чөтгөр – Хамаг эрх мэдэлтнүүдийнх нь халаасыг түнтийлгээд булхайг нь бурзайлгаад, шуналын галыг өдөөгөөд өгсөн болохоор тэд лав үүрд миний албатаа!
Бурхан – Миний эрдэм чадал энэ хорвоогийн хүн төрөлтнийг бүхэлд нь чамаас цаг бүр хамгаалж чадах ч өөрсдийнх нь гарт эрх үлдээдэг юм. Тэр тусмаа нүдний цэцгий мэт хайрлах Монгол орноо авран асарч чадах нь лавтай. Хөнөөлт дайны чинь хөлөөс ч хол байлгана.
Чөтгөр – Ингэхэд дэлхийн II дайнд та Япон, Итали, Германыхаа талд байв уу, Орос, Англи, Америк, Францынхаа талд байв уу? Эсвэл эзгүй байв уу?
Бурхан – Аль алины нь талд байлаа. Гэхдээ чиний өдөөсөн шуналд хөтлөгдсөн хүмүүсийнд бус, тэдний шуналын үрээр нүглийг нь үүрэлцэх хөөрхий ард түмний дэргэд байж, өлссөн цагт унд хоол шиг эрч өгч, ядарсан цагт өвдөг тохойноос нь дэмнээд авах шиг сэтгэлийн тэнхээгээр тэтгэж байсан юм.
Чөтгөр – Тэгвэл тэд хайнцах нь яасан юм?
Бурхан – Тэд хайнцсан шүү дээ. Ялалт, ялагдал хоёул хоосон чанартай.
Чөтгөр – Ялагдсан зарим нь гэдэс цатгалан, мөр бүтэн явахад ялсан зарим нь хоногийн хоолгүй өлбөрч үхэх нь олонтаа. Таны хоосон чанар ч та бид хоёрт л бий байх даа, хи хи хи.
Бурхан – (Их л удаан бодол болж сууснаа) Чиний өдөөсөн тэр олон дайн, тэр их сөргөлдөөн үгүйсэн бол хүмүүн төрөлтөн минь тэр хугацаанд ядаж ус хэр нандин гэдгийг, агаар хэр үнэтэй гэдгийг, нарны эрчим хэрхэн ирэх нь хүртэл биднээс хамаарна гэдгийг уг чанараар ухан мэдээд, хүний мөн чанараа танин, гэгээн хүрээлэлд багтаад, дэлхий дэнжигнэн биш тэнцвэртэйеэ эргэлдэж байх байсан юм. Чи бид хоёр ч мөнх бус... Ум ма ни пад мэ хум.
Ийн хэлээд, бодрол тунарсан мэлмийгээрээ хорвоог нэг ажаад намалзтал алхан одов.
2007 оны 5-р сар

1 comment:

Бурханы оронд байгаа аавдаа

Ааваа, би таныг маш их санаж байна гэж эхлээд хэлэхгүй бол боломж алдах гээд байгаа юм шиг санагдаад байнаа. Үргэлж л үгүйлж байна даа. Одо...