Tuesday, March 10, 2009

А.Дэлгэрмаа "Тэмдэглэлийн дэвтрийн хамгийн шар хуудсууд"

Саяхан нүүж орсон байранд маань намайг амьдрал угтлаа. Тэр бол ваартай амьдрал. Хоосон өрөөний цэлгэр цонхны тавцан дээр том савтай цэцгийг хэн нэг нь орхиод нүүжээ. Хэзээ нэгэн цагт тэр цэцэг миний ирээдүй дэх цэцгийн хүлэмжний хамгийн ууган нь болж хойморт залрах ч юм билүү. Хар багаасаа талийгаач дүүгийнхээ дурсгалд зориулан цэцгийн хүлэмж байгуулаад, дүүгийнхээ өмнөөс зуун хүнд цэцгийн баглаа бэлэглэнэ гэж мөрөөддөг байснаа гэнэт саналаа. Наран ээвэр тэр өрөө эрч хүчээр дүүрэн, хүсэл мөрөөдлийг минь улам баяжуулах амьдралын минь шинэхэн хуудаснуудын өнгөлөг хавтас мэт... Хэсэгхэн бодол болж суухдаа туулж өнгөрүүлсэн он жилүүдээ дурслаа. Алтай хотод хиймэл ногоон нууртай нэгэн цэцэрлэгт хүрээлэн байх. Манай гэрийн ойролцоо тул би тэнд очих дуртай охин байж билээ. Тэгэхдээ хэн нэгнээр үүрүүлж явахгүй л бол алхаж чаддаггүй үе мөч, тулгуур эрхтний хүнд өвчтэй байлаа. Тэртээх хүнд жилүүдэд манай гэр бүлд хэтэрхий олон үхэл хагацал, өвчин зовлон тохиолдож, ээж аавын минь цээжний махыг барж өнгөрсөн. Хамгийн хөгийн нь аав маань аймгийн банкны ерөнхий нягтлан бодогч, банк санхүүгийн тэргүүний ажилтан, ээж маань шинэ бүтээл, оновчтой саналын эзэн, гавшгайч хүн байлаа. Хамгийн шударга, хамгийн хөдөлмөрч хүн хамгийн дорой амьдардаг урвуу нийгэм байсан юм. Ажилсаг нь дэндсэн аав ээж маань үр хүүхэддээ тэр бүр анхаарал тавьж амждаггүй, анхааръя ч гэсэн хүнд суртлын гай их байлаа. Ажил ажил гэсээр хүүхдүүдээ тураагаад алчихсан юм биш, харин нийгмийн буруу тогтолцоо шударга хүмүүсийн амьдралд энэ мэт толбо үлдээх нь цөөнгүй байсан юм. Ахын сайхан ааш хөдөлж намайг үүрч гарахгүй л бол өдөр хоногийг чийгтэй байшинд өнгөрөөсөөр хөл маань улам муудаж байлаа. Талийгаач дүүтэйгээ гэртээ цоожлуулаад л үлдэнэ. Хүнийг мал мэт үздэг байсан тэр нийгэмд өнөө ч дургүй хүрдэг. Тэр цагаас хойш нэг их удалгүй бие маань сайжирсан ч хожим тав зургаадугаар ангид байхаас хөл маань тэвчишгүй их өвдөөд арай гэж алхдаг боллоо. Шарандаа бууж өгөхгүй юм шүү гэж өглөө бүр нарнаас урьтан босч шүд зуун алхсаар, алхаагаа бага багаар хурдасган гүйж сурлаа. Хэдийгээр онц сурлагатан нэртэй боловч ганц биеийн тамирын хичээл дээр гурав авдаг хүүхэд байв. Нэгэн өглөө байшингийнхаа дээвэр дээр гараад Ширхэнцэг уулын ар хойрмойноос нар мандахыг харж суухад сэтгэлдээ анх удаа өөрийн хүч чадлыг мэдэрч, хачин их аз жаргалтай байж билээ. Тэр бол миний өвчин хэмээх хадны мангааг ялсан баатарлаг тулааны минь тэмдэглэлт өдөр байв. Тэжээлийн доройтолтой, хожуу хөгжилтэй, майга хөлтэй тэр охин өдгөө юу хүссэнээ хийж бүтээдэг, өөртөө хачин итгэлтэй, аз жаргалтай эмэгтэй болсоон. Тэр үед айлын хүүхдүүдийн аав ээж гадаад юм уу, Улаанбаатар яваад ирэхдээ амттан шимттэн, тоглоом, хувцас авчирдаг бол манай аав ном авчирдаг байлаа. Биднийг номонд дуртай, бусдаас хувь илүү хүн болгох холч ухаантай аавдаа одоо баярладаг. Өнөө цагт миний эцэг эх шиг ажилсаг, бүтээлч хүмүүс хичнээн сайхан амьдрах боломжтой билээ дээ. Гэтэл тэд минь хүний нутагт найман сайхан үрийнхээ дөрвийг алдаж гол нь харлаж суусан. Тэднийхээ дусал нулимс болгоны үнэ цэнийг бид нөхөн хүн шиг хүн болцгоосон юм. Алган дээрээ талхны үйрмэг хийгээд иддэг байсан гэвэл зээ дүү нар маань итгэж өгөхгүй л болов уу. Ингэж МАРКСИЗМ, МАТЕРЛИЗМ, СОЦИАЛИЗМ гэдэг хадны мангаанууд эцэг эхийн минь сайхан залуу насыг залгин одсонд зэвүү хүрдэг. Тэгэхдээ нийгэмд хувьсгал гарахад ухаалаг аавын минь хүч хөдөлмөрөөр өрх гэр маань жам ёсоороо өөдлөн дэгжсэн. Матерлизмыг магтан дуулсан нэгэн залуугийн сэтгэгдлийг сая уншаад инээд хүрч суулаа. Хүсч тэмүүлэх, сэтгэн бодох ер нь бүх эрх чөлөөг хаан боосон, хүнийг оюуны гэхээсээ амьтанлаг чанар луу түлхдэг тийм нийгэмд л тийм матерлизм гэдгийг магтан дуулдаг байсан юм. Ер нь -ИЗМ гэдэг дагавар чинь өөрөө маапаантай зүйл юм шүү. Одоо номчирхолгүй өөрийн түүхээ сөхье. Ахтай минь тэрсийн хоёр сайхан залуу, харин надтай тэрсийн хоёр сайхан бүсгүй байх байлаа. Хоёр ах, бас том дүүгээ өөд болоход би их бага байсан болохоор ой тойнд юм үлдсэнгүй. Харин бага дүүгийнхээ нүдийг одоо хэр нь санадаг. Тормойсон том алаг нүд нь хачин зөөлөн харцтай. Хацар нь бумбайгаад хазаад авмаар эгдүүтэй.

Бага дүүгээ сүүлийн замд үдэхэд хүйтэн хайрцган дахь түүний минь хөөрхөн хоёр хацар дээр гялтганасан нунтаг зүйл харагдахад арчаад авмаар байж билээ. Тэгэхэд надаас бусад нь уйлсан. Хачин их уйлсан. Аав минь бүтэн долоо хоног уйлсан. Ээж минь өнөө хэр нь зүрхэндээ уйлж л яваа. Харин би хүүхэд юм хойно үхсэн гэдэгт нь итгэж чадахгүй л байлаа. Хоёр ч удаа ижил зүүд зүүдлээд, сүүлдээ халуураад дэмийрч байснаа санаж байна. Тэр зүүдэнд ах маань дүүг хөтлөөд над руу ирж яваад л замхарчихаад байлаа. Дүүгийн өөд болсон шалтгааныг сүүлд сонсох нь ээ, булчингийн тариаг андуураад судсанд нь хийчихсэн согтуу сувилагчийн хар гай гэнэ лээ. Би тэр согтууд одоо өс санахгүй ээ. Харин дээр дурьдсан хадны хар мангаануудад бурууг тохож боддог. Хэзээ ч би харууслын нулимс унагаагүй, унагаахгүй. Учир нь би ид шидийг бүтээнэ. Тэднийг амьдруулна, өөрийнхөө дотор амьдруулна. Одоо ч гэсэн хоёр дүү минь миний дотор өсч торнин байгаа. Миний дүү нар амьд сэрүүн гэж батлах болно. Тэднийхээ амьдарч чадаагүй амьдралаар би давхар амьдарна. Хөөрхөн дүү нарынхаа эдлээгүйг эдэлж, сураагүйг сурч, хийж чадаагүйг би хийх болно. Тэднийхээ бусдад гайхуулж чадаагүй гоо үзэсгэлэнг биедээ шингээгээд ихэмсэг алхана яадаг юм. Сэтгүүл зүй, Байгаль орчин, Түүхийн салбаруудад гурван хүн шиг амжилт гаргах болно. Тэгээд гурван хүний эдлэх аз жаргалыг тэднийхээ өмнөөс эдэлж амьдарна гэж дотроо шаралхан бодож явдаг. Тэгж чадвал аав ээжийн минь эмтэрсэн элэг бага ч болов илаарших байх гэж горьдоно. Харин хоёр дүүгээ өөртөө тээж очоод, биеийг нь үхүүлсэн ч сэтгэл, оюуныг нь хөнөөж чадаагүй гэдгийг чинь баталж -изм-ээр төгссөн нэртэй Хадны мангаа чиний булшин дээр би нулимж орхино.

Энэ бүх бодлыг гаднаас орж ирсэн хөөрхөн зээ дүү минь тасаллаа... Дөлгөөн аалиараа миний дүүтэй хачин адилхан Ноко минь намс намс алхан ирж яваа нь зүүд биелэх мэт ээ...

1 comment:

  1. Sain uu, sanaandgui chinii blog ruu orloo. Setguulchiin mergejiltei bolohoor chinii niitlel ih sonirholtoi bogood uran hellegtei yumaa. Congratulations! Bi nogoo l baigali orchin, uul ovoogoo l bichij bn.

    ReplyDelete

Бурханы оронд байгаа аавдаа

Ааваа, би таныг маш их санаж байна гэж эхлээд хэлэхгүй бол боломж алдах гээд байгаа юм шиг санагдаад байнаа. Үргэлж л үгүйлж байна даа. Одо...