Saturday, January 31, 2009

Г.Армаа "Монгол шашин"

Өнөөгийн бид түүхээ мэдэхгүйгээс болж аливаа шашинд их л буруугаар хандаад байна уу даа. Одоогоор дэлхий ертөнцөд шүтэж, сөгдөн мөргөж байгаа томоохон шашны ямарч урсгал, тэдгээрийн гарал үүсэл нь “Замбуутивийн хүн” буюу өвөг Монголчуудын нарийн ертөнц лугаа харьцаж байсан “зан үйл” –ээс улбаатай болох нь судалгааны явцаас анзаарагддаг. Энэ тухай “Хүний үүсэл” ном хийгээд, ”Монгол –дэлхийн соёл иргэншил” нийтлэлд хангалттай үгүүлсэн тул эс нуршин өнөөгийн Монгол орны дотоодод өөриймсөг маягаар оршин, зөвхөн өөрийгөө “үндэсний” хэмээж бусдыг жаахан гадуурхангуй ханддаг, илээр хэмхэлдэх нь юу юм, далдуур бие биенээ муулж л суудаг бөөгийн, шарын, улааны шашны урсгалын талаар үгүүлье. Харин харийн гээд байгаа, манай оронд гаднаас шургалсан шашны урсгалууд чимээгүй мэт байгаа ч “ходоодны мухарт” нь “үндэсний” болчих юмсан гэх далд мөрөөдөл гижигдэж буйг тааж цөхөх юм алга.
Дөрвөн түмэн жилийн өмнө дэлхий дахины байдал өнөөгийнхтэй жишишгүй өөр байдалтай байсан ба тэр тухай ам ангаймагц өнөөгийн хүмүүс “байшгүй юмыг зөвхөн би л байлгах гээд байгаа аятай” ихэд дурамжхан ханддагийг дурдалтай. Бүүр хавьташгүй өөр байсны хамгийн том жишээ гэвэл, ямартаа л газар сайгүй ухаант хүн (хомо сапиенс) үүсэх их давлагаан болж байхав… “Замбуутивийн хүн” –ий үүсэл, шашны үүсэл хоёр, угтаа нэг юмны хоёр тал мэт сэтгэгддэг, ер нь ч тийм. Юу хэмээвэл “Тэнгэр нараас хувилан төрсөн хүүхдүүд” –ийг “Сахигч” тэнгэр нар харж ханддаг байсан ба эрэгтэй хүүхдийг өсөж торниод ирэхээр нь нэг талаар “Сахигч” (Шакъяа) тэнгэр лугаа адил аглагт суулган “дияаны бясалгал” хийлгэсний үндсэн дээр бодит ертөнцөөс нарийн ертөнцийн Тэнгэр нартай “нэгдэж сургах”, нөгөө талаар өөрсдийн хойчийг залгамжлагчаа бэлтгэх явдал байсан хэмээж болно. Охин хүүхдийг тусад нь ялгаж, “Хатан хаант улс” байгуулан аж ахуйн ажилд мэргэшүүлдэг байсан бололтой. “Охидын улс” –ын аж ахуйн болон өдөр дутмын борог амьдралд эр сүвтэн ер оролцохгүй. Үүний нууц нь эр, эмийн замбараагүй хавьталт болж магадгүй, хэрэв тэгвэл “цус ойртох” аюул болж, тэнгэрлэг шинжтэй хүмүүс бий болгох гэсэн бурхны зорилго талаар болж, хэнд ч хэрэггүй хэдэн “хярамцаг” –тай үлдэх байлаа. Охидын улс “Замбуутивийн хүн” –ий өсөж үржих “бааз” болсон бол, эрчүүд нь нарийн ертөнцийн ааш аягтай таацуулан харьцаж чаддаг, нэг ёсны хагас бурхад болон хувирч байв. Нөгөө ертөнц (дэлхийн астрал ертөнцөд буй өнөөгийн хүний нүдэнд эс үзэгдэж, гарт эс баригдах ухаалаг хүчний харилцан хамаарал) –ийн хамгийн нарийн нандин нууцад нэвтрэх гол “үүд хаалга” нь “аглагт суух” явдал. Тэр нууцыг танин мэдэж, гэгээрэх “арга” нь “бясалгал” байсан аж. Аглагт суух, бясалгах, гэгээрэх, сурсан эрдмээ олны төлөө зориулах гэсэн “оролдлог” зөвхөн Сахъяа овгийнхны дунд байгаад зогсохгүй тал тал тийшээ тархсан Монголчуудад амь бөхтэй хадгалагдсаар ирсэн бололтой. Ж –нь: Монгол оронд 30 –аад он хүртэл их, бага “Дияаны бясалгал” байсныг захын хүн хэлээд өгнө. Нарийн ертөнцийн нууцад нэвтрэх, эрдэмд суралцаж гэгээрэх “ажил” бүдгэрсээр алга болсон, бас хүчээр “алга болгосон” юм.
Монгол угсаатан дөрвөн түм орчим жилийн өмнө Замбуутив (Энэтхэг) –ийн орноо үүсэн бий болсон хэмээх нөгөөх улигт үгээ давтаж, уншигчдаа залхаахаас. Яана даа. Гэвч гарцаагүй үнэн юмыг чинь одоо яах ч вэ дээ. Монголчууд мөртөө ч үгүй өнөөгийн Шамбалын орны бүс нутагт “голомт хатгасан” учраас үеийн үед “Тэнгэр гаралтай” хэмээн хэлэгдэж, бичигдэж ирсэн юм. Харамсалтай нь “Тэнгэр гаралтай” гэдгийн цаад мөн чанарыг зөв хэлээд өгчих хүнгүй болсноос хий дэмий “түүх хайж”, тэнэж мунгинасаар л… Нэгэн гайхалтай юм гэвэл өвөг Монголчууд “нарийн ертөнцийн тэнгэр нараас үүссэн” гэдгээ мэдэхийн цаагуур мэддэг мөртөө анхны шүтлэгийн хэлбэрүүд нь “бүргэд, үхэр, буга гм” төдийхөн байсан нь, ойр дотно хэдий ч үмх мах, балга сүү дөхүүлээд өгдөггүй хий биет тэнгэр нарыг бодохноо, бодит ертөнцөд хүн болж ядаж байхад мах, сүү, үс ноос, дулаан арьс, шир гэх мэтээр дутууг гүйцээн дундуурыг дүүргэж өгсөн ачит амьтад нь “бурхан” мэт санагдсаных бизээ. Байдлаас ажиглавал шүтлэгийн ийм хэлбэр тун олон мянган жил үргэлжилсэн бололтой. Тиймдээ ч бодит ертөнцийн ачит амьтадаа нарийн ертөнцийн бурхад лугаа холин дүрсэлсэн гэж санагдана. Тухайлбал Бүргэд нь Хангарьд болсон бол Үйлийн үр (Карма) –ийг эрхшээгч Эрлэг номун хаан (Дамдинчойжоо бурхан) –ыг үхэр толгойтой дүрсэлсэн, Буга ч гэсэн Шива хэмээх хүчирхэг “бурхан” болоод зогсохгүй, бие даасан шашин болох жишээтэй. Монголчууд бодит ертөнцөд дасан зохицох явцдаа иймэрхүү шүтлэгтэй байсан мэт боловч бүүр хамгийн анхны, удам судар, яс маханд нь хадагдаж үлдсэн хамгийн гол шүтлэг бол “Гал”. Галыг бурханчлан шүтдэг ард түмэн Монголоос өөр бий болов уу. Жирийн айл өрх Гал голомтоо тахин шүтэж ирсэн, шүтсээр байгаа бол, Аглагт суух Дияанчид цааш улам нарийсган “Агни Йога” хэмээх гайхамшигт сургаалийг бий болгожухуй. Гал, нэг ёсондоо Монголын “нэрийн хуудас”. Ямартаа Гал шүтдэг, Мод (Тала нэрт модны үндэс) иддэг байснаас Монголчууд өөрсдийгөө “Маудгал” (Модгал) хэмээдэг байсан ч яваандаа Маугал, Мугал, Могол, Мугол, Мугге, Менгу мэтээр ондоошин, анх ямар нэртэй байснаа ч мартахад хүрчээ. Харин эзэн Чингис хаан нэгдсэн улсаа байгуулахдаа “Монгол” хэмээснээс хойш энэ нэрээрээ ертөнцийн чихнээ дуурсаж явна.
Ухаант хүн үүссэн даруйдаа оюун сэтгэлгээний хувьд гайхамшигт чадвартай байдаг бололтой. Тиймдээ ч анхандаа нарийн ертөнцийн тэнгэр нарыг “үл тоож”, дадаж дасаагүй бодит ертөнцийг илүүд үзсэн байна. Хүмүүс бодит ертөнцийн материал баялагт шунан тачъяадахын хэрээр оюун сэтгэлгээний чадавхи тэр хэмжээгээр бууран доройтдог мэт. Хүн, Хүй нэгдлийн гм баахан нийгэм дамжсаар, хөгжсөн бололтой юм ярьж, бичицгээдэг нь хөдөлмөрийн хэрэгсэл, материал баялгийг эзэмшсэн түүх болохоос, хүний сэтгэлгээнд огт падлийгүй, харин ч урвуу хамааралтай гэж болно. Хүн төрөлтний туулж өнгөрүүлсэн түүхээс ажвал материал баялаг эзэмшихийн хэрээр сэтгэлгээний чадавхи бууран доройтох жам ёс ажиглагддаг. “Замбуутивийн хүн” ч гэсэн энэ жам ёсноос гажаагүй нь мэдээж. Бодит ертөнцийн тоосонд “булагдаад” ирэхийн цагт нөгөө ойр дотно байсан нарийн ертөнцийн “тэнгэр” -үүд бүүдийсээр сүүлдээ байхгүй мэт болж “дурсамж” төдийхөн хоцорчээ. Хэрвээ “Сүмбэр уул” (Шамбал) –ынхан судар номонд бичиглэж үлдээгээгүйсэн бол өдийд үртэс ч үгүй болох байсан биз. Эцэг болсон “Тэнгэр” -үүд ийнхүү “холдох” тусам тэднийг бишрэн хүндэтгэх, нарийн сайн мэдэх гэсэн хүмүүсийн сонирхол түймэр мэт асаж “Тэнгэр” –ийг өөр өөрийнхөөрөө төсөөлөх болов. Уг нь, нарийн ертөнцтэй холбоотой бүхий л мэдлэг бидний өвөг дээдэс (Тэнгэрийн үр хүүхэд) –ийг анх гардан авч сахиж хүмүүжүүлсэн Сахъяа овгоос улбаатай ч (өөр хаанаас ч биш) сацран тархсан Монгол угсаатнууд өөр өөрийнхөөрөө тусгаж аваад байсан шиг. Нийтээр хүлээн зөвшөөрөхүйц хүчирхэг сургаал үгүйлэгдэн ядаж байхад Замбуутивийн орноо 4 мянга шахам жилийн өмнө ари төрхтний их нүүдэл нөмрөн орж ирсэнээр дур дураараа “сэцэрхэх” боломжийг улам гааруулжухуй. Зөвхөн “Монгол” сэтгэлгээн дээр тулгуурласан хэдий ч дураар дургисан энэ урсгал чиглэлүүд, олон төрлийн шашин үүсэх эх сурвалж болжээ. Замбуутивийн орноо, шуудайд хийсэн эвэр лугаа адил зөрөлдөж асан энэ олон үзэл бодлыг нэгтгэж, нэгэн цул болгох гэсэн оролдлого байснуу гэвэл байсан. Бурхан Буддагаас өмнө ихэд нэр гарч олныг араасаа дагуулж байсан хүн гэвэл Махешвара. Түүнийг өнөөгийн Жайны шашныг үндэслэгч хэмээдэг ба, тэр хэчнээн их нэр хүндийг оллоо ч Замбуутивийн орныг сэтгэлгээний хувьд ялан дийлж (нэгтгэж) чадаагүй юм. Харин хамгийн эртний сурвалжит Сахигч овгоос Сиддхартха Гаутама (МЭӨ 623 -544) хэмээх хөвгүүн мэндэлж, гэгээрлийн хутгийг олсноор бүхий л ертөнцийн талаар түүний айлдсан төгс төгөлдөр сургаал нь тэр дороо даян дэлхийд түгэх болжээ. Өнөөдөр хүн төрөлтний талаас илүү хэсэг нь Буддизмд итгэж, даган биширч байна. Ялангуяа аль тивийн, ямар улсын, хэн байх нь хамаагүй, өнөөгийн хамгийн ухаалаг, гэгээлэг хүмүүс “Буддизм” –руу хушуурч байгаа нь түүний үнэнхүү агууг ойлгосных бизээ. Сүмбэр уулын тухай, Шамбалын номлогчдоос үүдэлтэй байх гэмээр эртний судар ч тэр, Энэтхэгийн үе үеийн диянчлагчид (Йогчид) –ын базааж хураасан эрдмийн их “зоорь” ч тэр, цөм Буддизмын бүрэлдүүн хэсэг мэт ойлгогддог нь “Их далайд цутгах мөрөн” лугаа адил юмаа. Ухаарсан, гэгээрсэн хүмүүс Буддизмыг “Шашин биш” хэмээдэг, ямартаа Альбер Камю “Буддмзм –шашин болоод хувирчихсан шашингүйн үзэл” гэхэв дээ. Буддизмын захаас хэлтлэн ядаж яваа мөхөс би ч гэсэн сургаал гэдэгт хатуу итгэсэн, энэ үзэл бодолдоо “нүд анитлаа” үнэнч явах болно…
“Буддын соёлын тайлбар толь” –оос харахад Буддизмаас өмнөх Энэтхэг оронд олон салаалж, хүмүүсийг өөртөө татахыг хичээж асан ертөнцийг үзэх үзэл (шашин) нүгүүдийг ангилж, тоймолж харуулсан байдаг. Тухайлбал: Шинжлэлийн зургаан аймаг, Мөнхөд үгүүлэгч дөрөв ч гэх юмуу, тэдгээр нь дотроо үй олон салаа, салбарт хуваагдах жишээтэй. Бидний сайн мэдэх Сахъяа овгийнхон гэхэд л Шинжлэлийн 6 аймагт багтдаг Өвөрмөц үгүүлэгчийн үндсэн 4 аймгийн нэг “Олонхитон” –д багтаж байсан байх юм. Тэгвэл өнөөгийн манай ”бөө” –гийн шашныхан ямар байдалтай байсан бэ гэвэл: Шинжлэлийн зургаан аймагт “Хол орхигч” хэмээсэн нэрээр багтаж байжээ. Судар номын хэлэнд “Тасархай үгүүлэгч”, “ Хол огоорогч”, “Бархасвадич” мэтээр алдаршсан бол, бас тэдэнтэй холбоотой “Чаролба”, “Тэрсүүдийн Жанпэнба”, “Жигдэнмиг” хэмээсэн нэр үзэгдэх нь бий. Хол орхигч ч юмуу, Хол огоорогч хэмээсэн нэр салахгүй дагалдаад байгаагийн цаана, “Холын холд нүүж одов” гэсэн санаа яваад байгаа нь тэр. Учир нь, Бурхан багшийг гэгээрч байх цагт “Тэрсүүдийн 6 багш” нэрээр алдаршсан, Одсүрэн Зогжэд, Гүндүжүнаг Лхайживу, Дэжэдживү Яндагжалбажан, Мипам Дайлаважан, Гадайвү Ногжан, Жэрвүба Нэнживү хэмээх зургаан их бөө байжухуй. Тэд үнэхээрийн эрдэм чадал төгс, рид чадлаар гайхагдсан агуу хүмүүс (багш нар) байсан аж. Чадалдаа эрдэж “сагах нь” холгүй байсан багш нар нэг удаа Бурхан багштай арсалдсан (ном хаялцсан) юм гэдэг. Гэвч ямар эрдэмтэй, рид чадалтай байгаад, төгс гэгээрсэн жинхэнэ “бурхан” –ы дэргэд юу болох вэ дээ. Бөөгийн зургаан багш нар зүгээр нэг “гараа өргөн бууж өгөөд” аялдан дагалдсангүй. Өөрсөдөд нь харъяалагддаг овог аймгийнхаа бүх хүмүүсийг ачаа хөсөг, мал хөрөнгө, юутай хуутай нь хуу хамж аваад дорно зүгийг чиглэн нүүн оджээ. Ингэж явах замдаа Хятадаас “Ху”, улмаар “Дунху” хэмээсэн “хоч” зүүсэн ба үнэн чанартаа тэд “Хор Монголчууд” юм. Хор Монголын шүтлэг “бөө” байсны нөлөөгөөр эзэн Чингисийн үед ч гол шүтлэг байсан, их Юань гүрний үед ч бас л тийм байсан, одоо ч унтраагүй, харин ч болоос зарим талаар сэргэж мэдэхээр байна. Хор Монголчуудыг Энэтхэгийн орноос нүүхийн цагт зарим өөр угсаатнууд “Жанпэнба” (өөр шашинруу орогсодыг ийн нэрлэдэг байж) болж дагалдаж ирсэн гэх сэжим бий. “Өвөрмөц үгүүлэгч” –ийн үндсэн дөрвөн аймагт багтаж байгаад салсан “улаан дээлтүүд”, Хятадын сурвалж бичигт “улаан Ди” хэмээн тэмдэглэгдсэн, Байгал далайгаас дорно зүгт нутаглаж асан тэр хүмүүс Уйгар мөн. Тэднийг “Уйгар” гэдгийг археологийн олдвор давхар баталдаг. Энэ тухай Монголын түүх бичлэгт ер байхгүй юм чинь мөхөс миний “нээлт” гэж болно… Уйгар бөө (дархад) –гийн шүтлэг өнөөдөр ч Монголд хүчтэй хэвээр байна. Тэрсүүдийнхэн бүүр Энэтхэгт байхдаа л Уйгар нарыг тал бүрээр сэнхрүүлж “Жанпэнба” болгож амжсан мэт. Ингэхлээр Хор Монгол төвтэй тэрсүүд (Бөө) –ийн шашин шүтэгчид их л өнөр өтгөн байсан нь мэдэгдэж байна. Үнэндээ ч тэдний донсолгож асан Сяньби, Тоба, Нирун, Киданы түүхийг бид сайн мэднэ…
Монголчуудын чамгүй хэсэг нь Улааны буюу Бумба (Бон) –ын шашныг олон үеэрээ шүтэж, одоо ч өөр шашин шургалах зайгүй болтлоо итгэж биширсээр. Бумбын шашны гол билэг тэмдэг болох сахиус буюу “Мутрын барьц” Баянхонгорын баруун тал, Завханы өмнө талын сумдад (миний мэдэхээр) өнөөг хүртэл айл болгонд байдаг юм. Манай орон Манжийн эрхшээлд орсноор “Энх амгалан” –гийн төрөөс “Шарын шашин” –ыг хүчээр тулган хүлээлгэсэн болохоос биш Улааны шашныг дийлэнх олонхи нь шүтэж байсан, цаашдаа ч тийм байх нь гарцаагүй байлаа. Монгол оронд Буддизмын дэлгэрэлт жамаараа явагдсан бол “улаан” галбиртай л байх байсан. Учир нь Монгол хүний сэтгэхүй, мөн чанарт хамгийн их нийцэх магадлалтай учраас тэр. Бумбын шашны гарал үүслийг хөөвөл мөн л өвөг Монголчууд буюу Сахигч овгоос гаралтай аж. Оргүй хоосон хөрснөөс Буддизм хэмээх “цэцэг” дэлгэрсэн юм биш, түүний хамгийн чухал шим шүүс нь тунчиг эртний гаралтай Бумба. “Бумба” –ын үзэл санаанаас зөвхөн Буддизм “ургасан” юм биш, Энэтхэгийн шүтлэгийн олон хэлбэр салбарласан ба тэр дундаа Тэрсүүд (Бөө) –ийн шашин хэлбэрээ ялимгүй өөрчилсөн болохоос яг л Бумба. Ж –нь: Бөө, Удганууд нөгөө ертөнцийн “онгон” –ыг хар толгой дээрээ шууд хүлээж авдаг бол Бумбынхан сахиус (мутрын барьц) дээрээ хүлээж авдгаараа өөр. Өрнө тийш тархсан Монголчуудын шашныг, судлаачид “Сакын митраизм” хэмээдэг. “Сак” нь Сахъяа овгийг, “Митра” нь “Бумба” –ыг хэлээд байгаа нь мэдэгддэг. Агуу их Буддын сургаалаас өмнө Цаст Төвдийн орон болон Дундад Азид хүчтэй дэлгэрсэн суртал бол яахын аргагүй Бумба мөн. Бумбын шашин Буддизмын бүрэлдэхүүн хэсэг хэмээн тооцогдох болсон нь нэг талаас Буддизм энэ шашин дээр дөрөөлөн өндийсөн болохыг батлахаас гадна, Бумбын шашин өөрөө Буддизмын сургаалийн элементийг байнга “шингээж” байсных биз. Нөгөө талаас “Арван хангал”, “Догшид” энэ тэр гээд хатуу шүтлэг, зан үйлээр Буддизмыг баяжуулсан байж магадгүй. Тэгэхлээр “Бумба” болбоос сонирхолтой ч, хүчтэй ч шашин мөнөөс мөн. Бумбын суртлыг дагагсад гайхалтай Рид чадлыг үзүүлж чаддаг байсан мэт. Манай нутагт (өнөөгийн Баянхонгорын Ламын гэгээн, Эрдэнэ бандид хутагтын шавь) 20 –р зууны эхэн үед “Вандансанги гүртэн” хэмээх гайхамшигт хүн аж төрж байсан нь өдгөө хүртэл домог болон яригдсаар. Тэрээр эдгэршгүй өвчтэй хүмүүс, тэр дундаа бага насны хүүхдийг эвдэж бусаад, тогоонд ус буцалган чанаж цоо эрүүл болгодог байсан гэх. Энэ агуу хүний зангидсан сэлэм Нарийнтээлийн нэгэн айлд одоо ч байхаа ядахгүй.. Гүртэнгийн жижиг оврын буу, дөрөө, домог болон мөнхөрсөн “Чандмана” чулуугаар хийсэн байж тун болзошгүй “бурхан” сэлт Уянга сумын нэгэн айлд байгааг харах завшаан мөхөс надад олдсон юмдаг. Гучаад оны үед хүрээ хийдэд аюумшигт тахал гарч, Гүртэн “түмний өмнөөс ганцхан өөрийгөө золин” насан өөд болсийм гэдэг. Говийн ноён хутагт Данзанравжаа ч ялгаагүй төрөл бүрийн шидийг үзүүлдэг байжухуй. Ер нь Монголын шашны түүхийг онгичъё гэвэл “Шар” –аасаа, “Улаан” – нь хүмүүний амьдралд арай илүү ойр байсан мэт санагдах вий.
Дээр дурдсанаас дүгнэлт хийх юм бол Бумбынх ч бай, Бөөгийнх ч бай, Буддынх ч бай бүх шашны урсгал чиглэл цөмөөрөө Монголчуудын оюун сэтгэлгээний түүх, ертөнцийг танин мэдэх арга хэрэгсэл хэмээж болох ба арай өөр өөр галбиртай л болохоос нэг савнаас “халин асгарсан” болох нь мэдэгдэж байна.
Одоо Буддизмын дэлгэрэлтийн тухай цөөн үг хэлье. Дорно зүг нүүж очсон Хор Монголчуудын угсаа гарал, шашин шүтлэгийн талаар хэт туйлширсан ойлголт байх хэрэггүй мэт. Тэдний зарим нь тун удалгүй салан нүүдэллэж улсаа “Сяньби” хэмээж, Буддын шашин шүтээд унасан нь их л учиртай хэрэг. Сяньби гэдэг нэр Самгарьд хэлний “Суварнаготра” буюу “Алтан ураг” –тай нийцэж байгааг судлаачид тогтоосон нь, Буддын шашныг гүн хүндэтгэлтэй хүлээн авч нийтээр шүтээд унасан нь (Юань Вейн үед хүрээ хийд 13,0 –д, лам нарын тоо 1 саяд хүрсэн) магадгүй Хорчуудтай хамт, тэдний “номд” түр захирагдсан Сахигч овгийнхон явалцсан баймаар санагдана. Хүннү гүрнийхэн бол (мэдээж Түрэг болон бусад угсаатан орохгүйгээр) тэртэй тэргүй Сахигч овгийнхон байсан тухай мөхөс би олонтаа дурдсан. Иймийн учир Монгол оронд Буддизм дэлгэрэх таатай нөхцөл бүрдмэл байсан хэмээж болно. Харин тээг болж байсан гол “дайсан” бол Бөөгийн шашиндаа хэт үнэнч, яадаг байсан ч түүнийгээ үхширтэл баримтлагч бөө, удганууд байв. Тэд 20 –р зуун гартал лам нартай “үзэлцсээр” байсан, одоо ч улбаа нь тасраагүй л. Энэ нь нэг талаас “Бөө” нь тийм ч яадгаа алдчихсан юм биш, маш хүчирхэг шашин, нөгөө талаас Буддизм нь “сургаал” гэсэн гайхамшигт мөн чанараа алдан “шашинжиж”, арчаагүйдэн доройтсонтой холбоотой ч байж болох. Ер нь Буддизм –ын сургаал “шашин” болж хувирахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол “Зонхова багш” хэмээн мөхөс би мунхагладаг юм. Өчүүхэн би, тэр их агуу хүнийг шүүмжлэх нь байтугай нэрийг нь дурсах хүртэл алдас болохчиг, болоод өнгөрсөн үйл явдал, түүний эцсийн үр дүнд өөрийн гэсэн дүгнэлт өгөх “эрхтэй” хэмээн өөрийгөө цагаатгахаас. Их багшийн үндэслэсэн Шарын шашин анх манайд орж ирэхдээ ямар мэт байсан нь бүү мэд, харин одоогийнх нь мөн ч хөгийн харагдах юм даа. Ямар ч байсан Их багшийн нэрийг сэвтүүлэхгүйн тулд номлолыг нь хэрэгжүүлэх гэж “мунгинасан” хүмүүст хамаг бурууг “тохох” нь зөв бизээ… Өөрсдөө бүхнийг бий болгочихоод бусдаас шашин “өргөж” авах гэж зүдэрч байдаг, Монголчууд аа гэж. Нүүдэлчдийг дагасан суртлын элементүүд, явуулын маягаар суртал номлож байсан гэгээнтнүүдийн хаялгаар Монгол оронд Буддизм аль эрт нэвтэрсэн мэт боловч үнэн чанартаа нэгдмэл нэгэн “цул” болж төлөвшиж амжаагүй юм. Шашин (уг нь сургаал гэмээр байна даанч…) төлөвших гэдэг мөхөс миний ойлгож байгаагаар үүх түүх, сургаал номлолоо бичиглэсэн судар номын сан хөмрөгтэй, дагаж мөрдөх дэг жаягт захирагдсан сургуультай, эрдэмтэн мэргэд нь их, бага дияаны бясалгал хийж байнга “гэгээрч” байдаг, хамгийн гол нь шашиндаа тохирсон зурхай, цаг тоололтой байх явдал. Мөхөс би учир жанцангий нь нарийн хэлж мэдэхгүй ч “зурхайн” цаана ихээхэн учир шалтгаан оршиж байх шиг. Бурхан багш дөнгөж гэгээрээд Балданврайбүн суварганд Шамбалын орны 96 хаадад “Цогт цагийн хүрдний үндсэн дандар” хэмээх гайхамшигт сургаалаа айлдсан гэх ба Шамбалын орны ирээдүй цагийн шашныг Цагийн хүрдэн (Дүйнхэр) хэмээдэг. Далай блам жил болгон “Дүйнхэрийн ван” айлддагийг бодсон ч Зурхайд өндөр ач холбогдол өгөхөөс аргагүй. Буддизмын дэлгэрэлтийн байдлаас үзэхэд газар орон бүхэнд өөр өөрийн онцлогтой шашны урсгал, түүнийг дагалдсан зурхай бий болсон мэт. Шашны аливаа урсгалын мөн чанар нь: Хүмүүний явдалд цаг хугацааны мөчлөг ямар хамааралтайг тогтоож, эргээд тэр бүхэнд “шашин” –аар яаж нөлөөлөх вэ гэдгийг шийдсэнээр тодорхойлогдоно. Тийм ч учраас шашны мэргэчүүл: “Энэтхэг орныг Будда бурхан, Төвд орныг Жанрайсаг бурхан, Монголыг Очирваань бурхан, Хятадыг хар Манзушир бурхан эрхшээдэг” хэмээдэг нь их л учиртай үг. Цагаан сар дөхмөгц зурхайгаа солиод сайхан болчих маягтай юм яриад унах юм. Тэглээ гэвэл бид чинь Манзушир бурхан эрхшээгч “Шар зурхай” –н тооллыг барин хурим хийж, эцгийгээ хөдөөлүүлж, нялх үрийнхээ даахийг үргээх нь л дээ. Тэр нь Төгс буянтын зурхайгаар онолдуулбал ямар ч өдөр таараа билээ. Ер нь “Шар зурхай” хэрэглэх гээд байгаа хүмүүс санаандгүй ч юмуу эсвэл санаатай Манзушир бурханд (улмаар өмнөд хөршид) “дагаар” оруулах гээд байна хэмээж болноо доо… Очирваань бурхан эрхшээдэг Монголчууд яагаад Төвдөөс шашин “өргөж” авах болсон юм бэ гэсэн асуулт гарч болох. Монголчуудын дунд Буддизмын “Их хөлгөн” –ий сургаал, түүний мөн чанарын тухай ойлголт заяагдмал ба завсрын шинтэйгээр түгээмэл оршиж байсан хэдий ч, дээр үгүүлсэн шиг “шашин” болон төлөвштлөө өдий байлаа. Монголчууд жинхэнэ шашныг 15 –р зууны үе (Автай сайн хаан) –ээс хүсэмжлэх болсон мэт. Дутуу бүхнийг шинээр бий болгосонд орохноо бэлэн юм аваад хэрэглэх нь мэдээж хямд. Тэр үед шашин жинхэнэ номоороо төлөвшсөн газар Төвдөөс өөр байгаагүй. Ийнхүү Монгол даяараа Төвдрүү хушуурцгаах нь тэр. Харамсалтай нь Монголд ч, Төвдөд ч эрх мэдлийн төлөө тэмцэл хэрээс хэтэрсэн цаг. Өрсөлдөгч талаа мохоож, мөхөөж л байвал “чөтгөр” –тэй ч хамссан хамаагүй гэсэн “хууль” үйлчилж ирсэн юм хойно, манайд болж байгаа хагарал тэмцэл, түүний хувь заяа, Төвдийн төрийн эрхийн төлөө тэмцлийн эцсийн үр дүнгээс хамаарах мэт болон хувиржухуй. Тийм ч учраас Монголын баруун хэсэг нь Далай блам, Ванчин богд тэргүүтэй “Шар” –ын талыг илэрхий дэмжиж эхэлсэн бол, зүүн хэсэг (бүгдээрээ ч биш л дээ) нь Пунцагнамжил тэргүүтэй “Улаан” талыг дэмжиж “эр эмээ үзэлцэж” эхлэв. Энэ үед Манжийн Энх –Амгалангийн төр хөндлөнгөөс шууд оролцож Далай бламын талд орсоноор ялалтын хувь заяаг санаанд оромгүйгээр эргүүлж “Шарын шашин” Төвдөд ч тэр, манайд ч тэр дангаар ноёрхох эрх олж авсан юм. Манжийн хувьд гол өрсөлдөгчийн шашин нь намуухан, аядуу дөлгөөн байж, лам болсон эрчүүд нь цэрэг цуух гээд байхгүй, нэг ёсны “хүлээтэй арслан” мэт байх нь гоё. Хэрэв “Улааны шашин” ялан манддаг юмаа гэхэд догшин шүтээнтэй, хатуу зан үйлтэй, ер нь яаж ч мэдэх учраас Кан Си хаан ихэд болгоомжилж байсан нь мэдээж. Тэгээд ч нэг номерийн заналт дайсан нь болох “Лэгдэн хаан”, Пунцагнамжилыг дэмжиж байсан юм чинь “нэг сумаар хоёр туулай” буудалгүй яахав. Энэ бүхнээс харахад Монголчууд Төвдөөс шүтээнээ “шилээд” авах эрх байсангүй, харин Энх –Амгалан хааны аягалаад өгсөн “хусам” –ыг долоох мэт болсон юмаа.
Мөхөс намайг Шарын шашныг нэг их сүүрс алдан магтсангүйд гайхан балмагдаж, зарим нь зэвүүрхэж байгааг тааж цөхөх юм алга. Бурхны энгийн шавь нар байтугай томоохон мяндагтай лам нар тэр харь хэл дээр дүнгэнүүлээд байгаа том том хөлгөн судрынхаа утга учрыг хүмүүний амьдрал, ертөнцийн жам ёстой холбон эгэл жирийн хэлээр, ойлгомжтой энгийнээр тайлбарлан таниулж чадах болов уу. Чаддаг байлаа ч тийм их олонгүй байх. Хэрэв олон байсансан бол энд тэнд лекц уншаад явж байх нь яасийм. Өнөөгийн байдлаас харахад Шарын шашин хүний сэтгэлээс дэндүү холдож, зөвхөн баярлах, зовох агшинд харь хэлээр хэсэг бувтнаад сэтгэлийг амирлууллаа гэх “зан үйл” төдий болж хувирсан байна. Шашин, Монголчуудын сэтгэлээс “хулжин оджээ” гэдгийг нэгэн жишээнээс харъя. “Болор цом” наадам. Найрагчид ухааны бяр, үгийн урыг уралдуулцгааж байна. Өөрийгөө “шинэ урсгалын” шилдэг төлөөлөл, сайн шүлэгч хэмээн тооцдог байж мэдэхээр сөөсгөр залуу гарч ирээд “Бурханд зөвлөгөө өгөх” юм болоод явчлаа. Танхимд суугаа үзэгчид нам жим. Гэтэл нөгөө “Ландрам” чинь “Бурхан чи битгий хуц” гэж авдаг байгаа. Энэ үг 1937 онд лам нарын дагзанд туссан сум лугаа адил зүрх “ёг” хийлгээд авлаа. Санаандгүй юм болж үзэгчид шуугилдаад сүйд. Янз нь хөөж гаргах гэсэндээ бус, хөөрч баярласандаа алга ташив бололтой. Догдолсон үзэгчдийн бодлогогүй үйлдлийг тоохгүй өнгөрч болох. Харин “мэргэжлийн” шүүгчид нөгөө сөөсгөрийг тэргүүн байранд шалгаруулахад нь үнэнхүү балмагдаж, урам хугарах, гутрах хоёр зэрэгцэн “зүрхэндээ нулмистай” гарч билээ. “Болор цом” наадам үзэхийн тулд “нэг нүдээ ухаж, өрөөсөн чихэндээ боогоод ч болтугай өгөхөд бэлэн” байдаг мөхөс би үүнээс хойш “за даа” гэсэн шүү байдлаар хандах болсон. Яруу найргийн наадам ганц надаар дутахгүй ч Бурхан (Тэнгэр) -ээ өмөөрч хамгаалах сэтгэлээр гачигдаж байгааг ойлгоосой билээ. Шашны зарим зүтгэлтнүүд Төвд хэл дээрх судрыг орчуулж Монголоор “дүнгэнээд” унавал бүх юм сайхан болчих мэт айлдах юм. Тэгье л дээ, гэхдээ уншлагийн ая дан, утга агуулгыг нэг мөр ойлгож “гэгээрэлд” хүрэх хүний тоо хэд байх бол. Иймд Монголын Бурхны шашныг доройтлоос “аврая” гэвэл уламжлалт зан үйлийнхээ хажуугаар Буддизмын жинхэнэ мөн чанарыг нийт ард түмэнд тайлбарлан таниулах ажлыг өргөн хүрээнд уйгагүй явуулахаас өөр гарц олдохгүй буйзаа. Христ мэтийн шашны урсгалууд өөрийгөө сурталчлахын тулд хэрэглэж буй арга, гаргаж буй ааш аягийг юу эс гэхэв. Тэднээс ядаж санаа авах юм баймаарсан даа. Одооных шиг “дөмбөд” маягтай суугаад байвал бид чинь удахгүй Монгол бичгээ “алдсан” шиг Бурхны шашнаа алдаж, улмаар магадгүй Монголоо алдахын цондон болох нь. Аливаа улс оронд, эх орны газар шороо, түүний бүрэн бүтэн байдалтай эн тэнцүүхэн яригдаж, хайрлан хамгаалж явах цөөхөн юмны нэг нь “Үндэсний шашин”. Үүнд эх оронч сэтгэлтэй хүн бүхэн санаа зовинох ёстой хэмээн мунхаглана. Өнөөдөр үндэсний шашин доройтохын хирээр бусад шашинд “дагаар орогчдын” тоо өт хорхой мэт олширч байгаад сэтгэл чилэхгүй яах юм бэ. .

4 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. сайнуу сайн бичжээ. дандарын их багш ошог уншаарай агнистын гэгээ цуврал

    ReplyDelete
  3. Сайн байна уу та их сайхан бичижээ.яг миний бие даалтын сэдэв байна.Таны амьдрал болон ажилд чин өндрөөс өндөр амжилт хүсье.Баярлалаа

    ReplyDelete
  4. Oortoo chin holbogdoh gesiimaa. yaaj holbogdoh we? xos_091929@yahoo.com boluul add hiigeed orood ireerei ta ih saihn bichejee

    ReplyDelete

Бурханы оронд байгаа аавдаа

Ааваа, би таныг маш их санаж байна гэж эхлээд хэлэхгүй бол боломж алдах гээд байгаа юм шиг санагдаад байнаа. Үргэлж л үгүйлж байна даа. Одо...